Tuesday, August 11, 2015

КИНОНЫ ТУХАЙ ХУУЛЬ

КИНОНЫ ТУХАЙ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл


1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь кино бүтээн туурвих, ашиглах, түгээх, сурталчлах  хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
                                                                                                                                                  
Кино урлагийг хөгжүүлэх эдийн засаг, эрх зүйн үндсийг тодорхойлж, түүнд оролцогчдын хооронд үүссэн харилцааг зохицуулахад оршино.
           
            2 дугаар зүйл. Киноны тухай хууль тогтоомж

            2.1.Киноны тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Соёлын тухай хууль хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

            2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

            3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

            3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.    “кино” гэж дэлгэцийн зориулалтын хэлбэрт буулгасан дүрсний болон дуу, дүрсний нэгдэл бүхий урлагийн бүтээлийг;

3.1.2.    кино үйлдвэрлэл” гэж кино бүтээн туурвих, түгээх, ашиглах, хадгалах, судлах, сурталчлах үйл ажиллагааг;

3.1.3.    “кино уран бүтээлч” гэж кино зохиол бичих, болон кино үйлдвэрлэлийн бүхий л үйл явцад оролцож буй иргэн, хуулийн этгээдийг;

3.1.4.    “кино түгээгч” гэж киног олон нийтийн хүртээл болгохоор дэлгэцэнд гаргаж буй иргэн, хуулийн этгээдийг;

3.1.5.    ”кино бүтээгч” гэж кино бүтээх сэдлийг гаргаж, санхүүжилт, туурвил, түгээлтийг зохион байгуулж буй иргэн, хуулийн этгээдийг;

3.1.6.    “Үндэсний кино” гэж  Монгол улсын кино уран бүтээлчдийн дангаараа болон хамтран бүтээсэн, эрх бүхий байгууллагаас үндэсний кино болохыг хүлээн зөвшөөрсөн бүтээлийг;

3.1.7.     “киноны мэдээллийн сан” гэж Монгол улсын нутаг дэвсгэр дээр бүтээгдсэн, монголын уран бүтээлчдийн оролцон бүтээсэн, болон кино теартруудаар гаргасан киноны  мэдээллийг бүрдүүлэх, цуглуулах, хадгалах, хамгаалах зэрэг үйл ажиллагааг хангах мэдээллийн технологийн иж бүрдлийг;

3.1.8.    “кино үзвэрийн нэгдсэн сүлжээ” гэж шинээр гарсан киног цаг тухайд нь иргэдэд хүргэх үүднээс төв, орон нутгийн кино театр, үзвэрийн цэгүүдэд интернетийн холболт ашиглан хүргэх цогцолбор үйл ажиллагааг;

3.1.9.    “киноны урлагийн дэд бүтэц” гэж киног үйлдвэрлэх үйл явц болон ашиглагдах техник, тоног төхөөрөмж, орон зайг;

ХОЁРДУГААР БҮЛЭГ

КИНО УРЛАГИЙН ТАЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ

4 дүгээр зүйл.Засгийн газрын бүрэн эрх

4.1.Засгийн газар кино урлагийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

4.1.1.    Кино урлагийг хөгжүүлэх талаарх төрийн бодлогыг тодорхойлж, хэрэгжилтэд хяналт тавих;

4.1.2.    кино урлагийн дэд бүтэцийг бэхжүүлэх;

4.1.3.    кино үйлдвэрлэлийг хөгжүүлэх;

4.1.4.    кино урлагаар дамжуулан Монгол улсын үндэсний бахархал, эв нэгдлийг бэхжүүлэх, дэлхий дахинд сурталчлах;

4.1.5.    Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гадаадын иргэн, хуулийн этгээд кино зураг авах журам батлах;

4.1.6.    хуульд заасан бусад бүрэн эрх.


5 дугаар зүйл. Кино урлагийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

5.1.Кино урлагийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
 
5.1.1.    киноны тухай бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг улсын хэмжээнд зохион байгуулж, хэрэгжүүлэх, хянах;

5.1.2.    кино урлагийн дүрэм, нийтлэг мөрдөх журам, заавар батлах, стандартыг хянах;

5.1.3.    үндэсний киног дэмжих;

5.1.4.    кино үзвэрийн нэгдсэн сүлжээ бий болгох;

5.1.5.    кино судлалыг хөхиүлэн дэмжих;

5.1.6.    хүүхдэд зориулсан чанартай кино уран бүтээлийн урын санг нэмэгдүүлэх, дэлгэцэнд гаргах;

5.1.7.    хөдөө, орон нутгийн  хүн амыг кино урлагаар үйлчлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх;

5.1.8.    Кино урлагийг дэмжих зөвлөлийг бүрдүүлэх болон ажиллах журмыг батлах;

5.1.9.    хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

6 дугаар зүйл.Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх

6.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга кино урлагийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1.    кино театр, кино үзвэрийн цэгүүдийн үйл ажиллагааг дэмжих, кино үзвэрийн нэгдсэн сүлжээнд холбох, мэдээллийн аюулгүй байдлыг хангах;

6.1.2.    кино зураг авалтын үед нийтэд аюултай нөхцөл байдал үүссэн тохиолдолд нэн даруй зогсоох;

6.1.3.    хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
                         
ГУРАВДУГААР БҮЛЭГ

КИНО УРЛАГИЙГ ДЭМЖИХ ЗӨВЛӨЛ

7     дугаар зүйл. Кино урлагийг дэмжих зөвлөлийн бүтэц

7.1.           Кино урлагийг дэмжих зөвлөл нь киноны ангилал, үндэсний кино болох шалгуур тогтоох, кинотеатр, үзвэрийн цэгүүдээр гарах кинонд үндэсний киноны эзлэх хувийг тодорхойлоход мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах чиг үүрэгтэй байна.

7.2.           Кино урлагийн дэмжих зөвлөл нь дарга, дараах орон тооны бус зургаан гишүүний бүрэлдэхүүнтэй байна:

7.2.1.    кино урлагийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагийн төлөөлөл нэг хүн;
7.2.2.    боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагийн төлөөлөл нэг хүн;
7.2.3.    үзэгчдийн төлөөлөл хоёр хүн;
7.2.4.    салбарын мэргэжлийн төрийн бус байгууллагаас хоёр хүн.

7.3.           Кино урлагийг дэмжих зөвлөлийн дарга, гишүүнийг кино урлагийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний томилно.

7.4.           Кино урлагийг дэмжих зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа 4 жил байх бөгөөд Кино урлагийг дэмжих зөвлөлийн гишүүдийн томилолтын хугацааг нэг удаа сунгаж болно.

7.5.           Кино урлагийг дэмжих зөвлөлийн дарга, гишүүнээр  соёл, урлаг, боловсролын чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан Монгол Улсын иргэнийг томилно.

7.6.           Кино урлагийг дэмжих зөвлөлийн дарга, гишүүн нь кино үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдтэй нэгдмэл сонирхолтой байж болохгүй. 

7.7.           Кино урлагийг дэмжих зөвлөл ажлын албатай байна.

7.8.           Кино урлагийг дэмжих зөвлөл нь бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх асуудлыг зөвлөлийн хурлаар хэлэлцэх бөгөөд Кино урлагийг дэмжих зөвлөлийн хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байна.

7.9.           Кино урлагийг дэмжих зөвлөлийн шийдвэрийг кино уран бүтээлчид дагаж мөрдөнө.           

8     дугаар зүйл. Кино урлагийг дэмжих зөвлөлийн бүрэн эрх

8.1.        Кино урлагийг дэмжих зөвлөл нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.1.1.   кинотеатр, үзвэрийн цэгүүдээр гарах кинонд үндэсний киноны эзлэх хувийг тодорхойлох;
8.1.2.   киноны ангилал тогтоох;
8.1.3.   киноны мэдээллийн сан бий болгох;
8.1.4.   кино үзвэрийн нэгдсэн сүлжээны үйл ажиллагаа, хяналтыг зохион байгуулах;
8.1.5.   кино театрын ангилал, зэрэглэлийг тогтоох;
8.1.6.   киноны төсөл шалгаруулах уралдаан зарлах,
8.1.7.   кино наадам зохион байгуулах, олон улсын кино наадамд үндэсний киног оролцуулахад дэмжлэг үзүүлэх;
8.1.8.   кино салбарын үндэсний шагналыг бий болгох, шалгаруулах болон шагнал гардуулах үйл ажиллагааг зохион байгуулах.


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Тавигдах шаардлага, тусгай зөвшөөрөл
9     дүгээр зүйл. Тавигдах шаардлага

9.1.        Кино нь дуу, дүрсэнд тавигдах стандарт, шаардлагыг хангасан байна.
9.2.        Киног бүтээх болон гаргах явцад хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн, байгаль орчинд хохирол учруулсан, амьтан зовоосон, зохиогчын эрхийг зөрчсөн аливаа үйлдлийг хориглоно.

10  дугаар зүйл. Киноны ангилал

10.1.     Кино бүтээлийг Кино урлагийг дэмжих зөвлөлөөс дэлгэцэнд гарахаас нь өмнө дараах байдлаар ангилж, тусгай тэмдэглэгээ хэрэглэнэ. Үүнд:
10.1.1. Гэр бүлийн буюу бүх насны үзэгчдэд зориулсан кино нь ногоон өнгийн дугуй дүрс бүхий тэмдэглэгээтэй байна.
10.1.2.  13 хүртэлх насны үзэгчдэд зориулсан буюу хүүхдийн хүмүүжил, зан суртахууны төлөвшил, сэтгэхүй онцлогт нийцсэн кино нь улбар шар өнгийн дугуй дүрс бүхий тэмдэглэгээтэй байна. 
10.1.3. 15 хүртэлх насны үзэгчдэд зориулсан буюу хүүхдийн хүмүүжил, зан суртахууны төлөвшил, сэтгэхүй онцлогт нийцсэн, үзүүлэх сөрөг нөлөөллийн хувьд  маш бага кино нь шар өнгийн дугуй дүрс бүхий тэмдэглэгээтэй байна.
10.1.4. 18 хүртэлх насны үзэгдэд зориулсан буюу хүүхдийн хүмүүжил, зан суртахууны төлөвшил, сэтгэхүй онцлогт нийцсэн, үзүүлэх сөрөг нөлөөллийн хувьд бага кино нь цэнхэр өнгийн дугуй дүрс бүхий тэмдэглэгээтэй байна.
10.1.5. 18 ба түүнээс дээш насны үзэгчдэд зориулсан кино нь улаан өнгийн дугуй дүрс бүхий тэмдэглэгээтэй байна.
10.1.6. Хориотой кино буюу нийтэд хөтөлбөрөө цацдаг телевиз болон кино театруудаар гаргахыг хориглосон кино нь хар өнгийн дугуй дүрс бүхий тэмдэглэгээтэй байна.
10.2.     Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль, Зар сурталчилгааны тухай бусад хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолыг бусниулах, нийгмийн хэв журмыг гажуудуулахад чиглэсэн киног бүтээх болон түгээхийг хориглоно.

11  дүгээр зүйл. Киног дэлгэцээр гаргах цаг

11.1.     Энэ хуулийн 10.1.5-д заасан киног 22.00 цагаас хойш нэвтрүүлнэ.
11.2.     Энэ хуулийн 10.1.6-д заасан кино тусгай кино театраар гаргана.
11.3.     Энэ зүйлийн 10.1.5, 10.1.6-д заасан киног гаргаж байгаа кинотеатр, үзвэрийн танимд 18 насанд хүрээгүй этгээдийг  оруулахыг хориглоно.

12  дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл

12.1.     Энэ хуулийн 10.1.6-д заасан хязгаарлагдмал кино буюу нийтэд хөтөлбөрөө цацдаг телевиз болон кино театруудаар гаргахыг хориглосон киног гаргах үйлчилгээг Кино урлагийг дэмжих зөвлөлөөс олгосон тусгай  зөвшөөрөл  бүхий хуулийн этгээд эрхлэн гүйцэтгэнэ.
12.2.     Энэ хуулийн 12.1-д заасан тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбогдсон харилцааг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу зохицуулна.

13  дүгээр зүйл. Кино урлагийг төрөөс дэмжих

13.1.     Монгол улсын түүхэнд холбогдох онцлог үйл явдал, он дарааллын түүхийн талаархи баримтат кино, хүүхдэд зориулсан киног улсын захиалгаар бүтээнэ.
13.2.     Улсын захиалгаар бүтээх уран сайхны болон баримтат кинонд санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмыг Засгийн газар тогтооно.

ТАВДУГААР БҮЛЭГ

ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА

14   дүгээр зүйл. Киноны тухай  хууль тогтоомжийн биелэлт, түүнд тавих хяналт

14.1.     Киноны тухай хууль тогтоомжийн биелэлтэд соёлын хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон улсын байцаагч, бүх шатны Засаг дарга хяналт тавина.

15  дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

15.1.     Киноны тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол соёлын улсын байцаагч дараах захиргааны шийтгэл ногдуулна:
15.1.1. энэ хуулийн .........4-т заасныг зөрчсөн бол ......................нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

16  угаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

16.1.     Энэ хуулийг 2014 оны ... дүгээр сарын ...-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.